Улаанбаатарын хамгийн таатай оффис Нэткапитал санхүүгийн групп

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Арван хоёр жилийн өмнө таван хүний бүрэлдэхүүнтэйгээр, дотоодын санхүүгийн зах зээлд нэгэн шинэ хуудас нээн байгуулагдсан "Нэткапитал" ББСБ өдгөө 150 гаруй ажилтантай групп компани болтлоо өргөжжээ. Тэд компанийнхаа үнэт зүйлийг “Харилцагч төвтэй, технологи суурьтай байгууллага байна” хэмээн тодорхойлсон нь байнгын шинийг эрэлхийлэгч хандлагынх нь үндэс суурь болдог гэдэгт эргэлзэх зүйлгүй. Ирээдүйд чиглэсэн, технологид суурилсан, харилцагчдаа ойр, уян хатан ажлын арга барил, гарц гаргалгаанууд нь ирээдүйд улам ч илүү амжилтуудад хөтлөх нь маргаангүй биз ээ.

2008 оноос хойш санхүүгийн зах зээлд амжилттай ажиллаж, санхүүгийн бүтээгдэхүүний жишиг загварыг бий болгох зорилготойгоор ажиллаж ирсэн бөгөөд өнгөрөгч онд гадаад зах зээлд хөл тавьж АНУ-ын Чикаго хотод салбараа нээсэн юм. Энэ мэт салбартаа тэргүүлэх амжилт ололтууд нь нэткапиталчуудын байгууллагын соёл, уур амьсгалтай нягт холбоотой болох нь оффисын босгыг давмагц шууд л мэдрэгдсэн билээ. Бид оффисынх нь тохижилтыг минимал, донжтой, классик хэмээх гурван үгээр тодорхойллоо.

АЖЛЫН ОРЧИН

Минимал шийдэл ба классик өнгө

Ажлын орчны хувьд нүсэр зүйлсээс татгалзсан, тав тухтай, минимал шийдэлтэй. Оффис тэр чигтээ сурч хөгжих болон бүтээмжтэй ажиллахад зориулагдсан тул ширээний байрлал, тавилгын өнгийг ч уг зорилгодоо бүрэн нийцүүлжээ. Хурал, уулзалтын өрөө болон ажиллах хэсгийн аль алинд овор ихтэй хүнд тавилгууд байрлуулахаас илүүтэй хөдөлмөрийг хөнгөвчлөх дэвшилтэт технологиудыг байршуулж өгсөн нь орчин үеийн, шинэлэг санагдлаа. Бор, шаргал, саарал өнгүүдийн хослол нь классик бөгөөд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлсэн байна.

Амралт болохуйц үзэмжтэй харагдац

"Нэткапитал"ын оффисын цонхонд тусах нийслэлийн өнгө төрх тун ч үзэсгэлэнтэй. Улаанбаатар хотын төвд байрлах оффисын дээд давхрын цонхоор хотыг тэр чигт нь тольдож болдог нь ажлын орчиндоо дурлах шалтгааны нэг байхаас аргагүй. Их ажлын завсарлага болгон цонхны хажууд очиж хэсэг хугацааг өнгөрүүлэхэд алжаал ядаргаа хэдхэн хормын дотор тайлагдах мэт болж байлаа. Ялангуяа нар жаргах үеэр нарны улбар өнгө оффисыг тун үзэсгэлэнтэй харагдуулж байсныг тодотгоё.

Уламжлал болсон шийдлүүд

"Нэткапитал" салбар бүрийнхээ байрлал, онцлог, талбайн хэмжээнээс үл хамааран гал тогоог тусад нь шийдэж өгдөг. Гал тогоо тусдаа байснаар ажилтнууд хамтдаа сууж цай уух, хоол идэх соёлыг бий болгож, улмаар хамтач сэтгэлгээгээ хөгжүүлэх, байгууллагын уур амьсгалыг төлөвшүүлэх ач холбогдолтой.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ- СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

Тасралтгүй хөгжих сэтгэлгээ

Тэд ажиллах арга барилаа залуу, бүтээлч, эерэг хэмээн тодорхойлдог. Үүний тулд байнга суралцан хөгжих шаардлагатай байдаг ба үүний тулд Udemy-ээс онлайн курсүүд авдаг байна. Энэ нь дэлхийн стандарт хаана явааг, гаднын экспертүүдийн хандлага хааш чиглэж буйг цаг алдалгүй мэдэх, боловсон хүчнээ үүнд бэлэн байлгах боломжийг өгдөг ажээ.
Түүнчлэн өглөө бүрийн 08.50-09.50 цагийг "Чөлөөт уншлагын цаг" хэмээн зарлаж, энэ цагт хувь хүний сургалт хөгжилдөө зориулан онлайн сургалтад хамрагдах, ном, гарын авлага унших боломж олгодог. Энэ талаар ажилтнууд нь "Өөрийгөө хөгжүүлж, ном уншсаны төлөө цалин авдаг тогтолцоотой" гэж байсан юм.

Байгууллагын соёл ба хүний нөөцийн бодлого

Байнга өсөн дэвших, шинийг эрэлхийлэх хандлагатай байхын тулд байгууллагын бодлого тогтолцооноос гадна хувь хүнээс ихээхэн идэвх зүтгэл шаарддаг учир хүний нөөцийн бодлогодоо чадвараас илүү EQ-г чухалчлан авч үздэг. Одоогоор "Нэткапитал"-ын нийт ажилтнуудын 85 хувийг 30-аас доош насныхан бүрдүүлж буй.

Байгууллагын сургалт хөгжлийн хүрээнд “5 NET IMPACT Strategy” стратегид ордог үндсэн арга хэмжээнүүдийг сар болон улиралдаа нэг зохион байгуулан ажилладаг. Үүнд:

  • Net Management: Харилцагч хэрэглэгч нараа санхүүгийн хариуцлагатай болгох хувь хүний хөгжилд чиглэсэн дотоод гадаад сургалтууд.
  • Net Technology: Технологийн шийдлээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох ажлууд
  • Net Care: Харилцагчдадаа хандсан үйлчилгээнүүд, лояалти хөтөлбөрүүдийн санал солилцох, нэвтрүүлэх
  • Net Impact: Үндсэн үйл ажиллагаа болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан нийгэмд эергээр нөлөөлж, үзүүлж, нийгмийн хүчирхэг дундаж давхаргыг бүрдүүлэх
  • Net Value: Зорилтот хэрэглэгчиддээ зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт

Мэргэшсэн түвшний хамтын ажиллагаа

Тэд бүхий л ажлыг чанартай хийж гүйцэтгэхийн тулд мэргэжлийн зүйлсийг мэргэжилтнүүдэд нь даатгаж, урьдчилан сайтар ярилцах байдлаар ажлаа төлөвлөдөг. Ингэснээр ажил бүрийг нэг л удаа өндөр чанартай хийн, зардлаа хэмнэж чаддаг байна. Энэ хандлага нь дараа дараагийн ажлуудаа төлөвлөх, жишиг стандарт тогтоох зэрэг олон зүйлсийн суурь болдгийг онцолсон юм. Тийм ч учраас оффисын тавилгыг "Анун", маркетинг менежментээ "Bat Solution Partners", дизайн интерьерээ "Adme", сургалт хөгжлөө "Дэйл Карнеги төв", видео контентоо "Trimon" зэрэг байгууллагуудад даатгадаг.

Оффисын соёлын онцлох элементүүд: 

  • Сар бүр унаа, хоол, утасны дата хангамжаас гадна ахуйн хэрэглээний хангамжийг ажилтнууддаа олгодог. Ахуйн хэрэглээний хангамжид ариун цэврийн цаас, угаалгын нунтаг зэрэг орно.
  • Ажилтнуудаа хэрэгцээт зүйлсээр бүрэн хангадаг. Жишээ нь, ажлын дүрэмт хувцсаа Амно фейшн, гутлаа Bestshoes, спортын хувцсаа MonLine-аар хийлгэдэг.
  • Нэг жилээс дээш хугацаанд ажилласан бол долоо хоногийн нэг өдөр 15.50 цагт тарах боломжтой.
  • Ажлын найман цагаа уян хатан байдлаар зохицуулах боломжтой. Өглөө найман цагт ажилдаа ирсэн бол орой таван цагт, арван нэгэн цагт ирсэн бол орой найман цагт тарна гэх зэрэг.

Миний хувьд компани маань ажилтнуудаа үргэлж өөрийгөө шинэ зүйлд сорьж, хөгжүүлэхийг уриалан, энэ үйл явцыг бодитоор дэмждэг нь ихэд таалагддаг. Ер нь бүх зүйлд их нээлттэй хандан, хүн бүрд тэгш боломжийг олгодог хамт олон. Нөгөө талаас ажиллах орчин гэдэг ажилтнуудыг сэргээх хамгийн том хөшүүргийн нэг болдог. Тэр ч утгаараа оффисын тохижилтдоо анхаарч, өглөөний цай хамтдаа уух соёл зэргийг төлөвшүүлдэг.

Ч.Солонго- Санхүү бүртгэлийн газрын захирал

Манай оффис ажиллахад үнэхээр эмх цэгцтэй, тав тухтай байдаг. Завгүй ажилласны дараа цэлгэр цонхоороо хотын үзэмжийг харж зогсох нь маш гоё амралт болдог шүү. Ажилтнууд маань хоорондоо ярилцах, холбогдоход ямар ч асуудалгүй суудлын зохион байгуулалттай байдаг нь мөн таалагддаг. Компанийн хувьд зөвхөн энэ мэт материаллаг зүйлсээс гадна ажилтандаа өсөж дэвжих, сурч хөгжих боломжийг хангалттай өгч чаддаг нь хамгийн том давуу тал гэж боддог.

А.Аюуш- Хөрөнгө оруулалтын менежер